ARCHIVE · 2021

BULAG — Art Camp 2021

Art Camp

Original BULAG Art Camp posters, field research, collaborative artworks and performance photographs, with Ariunaa Jargalsaikhan’s 2021 essay on contemporary art.

Period
2021
Location
Mongolia
Archive status
Original publications and photographs available

Project documentation

Compiled from the original catalogues, posters and photographs supplied by BlueSun. Source image filenames identify the documentation. Copyright remains with the artists and photographers.

The significance of contemporary art — Ariunaa Jargalsaikhan

Орчин Үеийн Урлагийн Ач Холбогдол

Орчин Үеийн Урлагийн Ач Холбогдол Орчин үеийн урлаг бол өнөөгийн нийгэм болон, түүнд аж төрөх айл гэр, хувь хүнд тулгарч буй чухал асуудлуудыг хөндөж, мэдрэмжийн хэлээр, олон янзын хэлбэр, арга хэрэгслээр дамжуулж үзэгч бидэнтэй харилцан, биднийг өвөрмөц үзэл бодолоор сорьж, оюун санааг хурцлаж, ухаан бодлыг тэлэн, ухамсарт нөлөөлж, дүрслэн төсөөлөх сэтгэлгээг шинэ санаагаар тэтгэдэг онцлогтой урлагийн чиглэл юм. Альваа нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийг соргогоор мэдэрч, тодоор илэрхийлж чаддаг хүмүүс бол уран бүтээлчид байдаг. Тийм ч учраас орчин үеийн уран бүтээлчид нийгэм, оюун ухааны хөгжил дэвшлийг чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдний бүтээлүүдээс нийгэм, хувь хүнд тулгарч буй асуудалд оншлогооноос нь эхлээд шийдвэр олох хүртэлх маш олон шинэлэг санаа, үзэл бодлыг үзэгчид бид олж харж болдог. Жишээлбэл, дэлхийн уур амьсгалын дулаарлыг бууруулахын тулд хөгжсөн орнууд шинжлэх ухааны эрдэмтдийг, уран бүтээлчидтэй хамтарч ажиллуулах нөхцлийг дэмждэг болжээ. Хүн төрөлхтөний өмнө тулгараад буй олон асуудлыг шийдэхийн тулд уран бүтээлч нүдээр харах энэ хандлага нь улам бүр түгээмэл болж байна. Хэрэглээний нийгэм хурдацтай өсөж буй өнөө цагт альваа үнэ цэнийг аль болох хурдан, хялбар шийдлээр бүтээхийг эрхэмлэх нь энгийн үзэгдэл болжээ. Энэ нь нэг талаас илүү үр ашигтай боловч, нөгөөтэйгүүр өв соёл, харилцан хүндлэл, ойлгоцол, шудрага ёс, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд гэх зэрэг биет бус үнэ цэнийг золиослох эрсдэлд хүргэх боллоо. Хүмүүний эрч хүчийг бадрааж, оюун санааг үеийн үед тэтгэж, сэтгэл зүрхийг нь хөдлөгсөн, чанартай ямар ч үнэ цэнэ, түүний дотор урлагийн бүтээл, гэнэтхэн, хоромхон зуур бий болдоггүйг бид уул нь мэдэх билээ. Гэтэл өдөр дутмын хэрэгцээгээ яаж ийгээд хангах шаардлагатай бидэнд өнөөдөр биет бус үнэ цэнийн талаар толгойгоо гашилгаж явах цаг зав, орон зай хомс болсоор байна. Тиймээс ч манайд аятайхан нэг урлагийн галерейг “ашиггүй” гэж дүгнээд, сүлжээний дэлгүүрээр орлуулах нь хурдан бөгөөд хялбар шийдэл болоод байна. Өнөө цаг үед, орчин үеийн урлагийн “Арт Кэмп” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг нь онц чухал ач холбогдолтой юм. Энэ арга хэмжээ нэг өдрийн дотор бий болоогүй. Монголд социализмын эцсээр урлагт үзүүлэх төр засгийн хатуу хяналт суларч, уран бүтээлчид чөлөөтэй туурвих орчин бүрдэж эхэлсэн. Монголын уран бүтээлчид 90-ээд оны хямрал, зах зээлийн хүнд хэцүү он жилүүдийг даван туулж тэвчээр хөдөлмөр, бор зүрхээрээ зүтгэсээр ирсэн. Орчин үеийн уран бүтээлчид, нэн ялангуяа Ё.Далх-Очир уран бүтээлчийн Монголд танилцуулсан концепцийн, үйл хөдлөлийн, хээр газрын гэх мэт сэтгэлгээний эрх чөлөөг тодотгосон урлагийн төслүүдээс “Арт Кэмп”, “Лэнд Арт,” “Паблик Медиа Арт” зэрэг олон төслүүд нийгмийн цаг үеийн захиалганд хариу барин хөгжсөөр ирлээ. Орчин үеийн чанартай уран бүтээлийг бүтээхэд art experiments буюу урлагийн туршилтууд, чухал үүрэг гүйцэтгэдэг. “Арт Кэмп” нь үүнийг хийх чөлөөтэй, найдвартай орчин нөхцлийг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой. Байгалийн үзэсгэлэнт орчинд шинэ санаа, сэдлийг төрүүлж, олон авьяаслаг залуу уран бүтээлчдийн сэтгэлгээг хөгжүүлж, шинэлэг санааг олох, асуудлыг өвөрмөц өнцгөөс харж илэрхийлэх, улмаар мэргэжлийн уран бүтээлчдээс туршилга судлаж, харилцан санал бодолоо хуваалцан ойлголцох чухал 2 орон зайг “Арт Кэмп” бүрдүүлсээр байна. Ингэснээр тухайн концепц, уран бүтээлийг олон нийтэд дэлгэхээс өмнө улам сайн боловсруулж чанаржуулахад тус хүргэдэг учир энэ төсөл нь чухал ач холбогдолтой юм. Альваа шилдэг бүтээлийг уран бүтээлч мэдрэмж авьяасандаа тулгуурлан, сэтгэлээ шингээн, ур чадвараараа илэрхийлсэн олон туршилтын эцэст олж, ойлгож төрүүлдэг. Тийм бүтээлийг зохистой, зориулалтын музей, галерейн орон зайнд дэлгэж байж үнэ цэнийг нь үзэгчдэд мэдрүүлэн хүргэдэг. Өндөр хөгжсөн орнуудад урлагийн бүтээлийг урт хугацааны чанартай хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр хэмээн олон зуун жилийн турш хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Өнөөдөр энэ уламжлалаар шилдэг урлагийн бүтээлүүд хөрөнгөтэй цөөн хүмүүсийн гарт орж хадгалагдаж байдаг тогтолцоо үүсч бэхжсэн байна. Энэ бол бас тийм ч их хүсмээр төгс шийдэл биш юм. Хөгжсөн орнуудад заримдаа орчин үеийн урлагийн зах зээлийн хэт их нийлүүлэлт, эрэлт хэрэгцээний улмаас оюун санааг тэтгэх чадваргүй ажлуудыг урлагийн бүтээл хэмээн андуурч, хоосон магтан цуурхал тараасны улмаас үнийг нь хөөрөгдөж, нийгмийн биет бус өвийг доройтуулах эрсдэл ч мөн тулгардаг. Үүнээс болоод хүн төрлөхтний хөгжил дэвшлийг урлаг нь чиглүүлэх үү, зах зээл нь чиглүүлэх үү гэсэн асуудал гардаг. Урлаг соёл бол боловсрол, эрүүл мэндийн адил олон нийтийн оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэндэд урт хугацаандаа доривтой ач тус хүргэдэг чухал салбар билээ. Өнөөгийн нийгмийн эрүүл орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр болохуйц чанартай урлагийн бүтээл туурвихад хувийн хэвшлийн ч эрэлт хэрэгцээ, төрийн ч санхүүгийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Монголчууд бид байгалийн баялагаасаа гадна оюуны баялагаа, авьяас билигээ олборлон, үндэсний өв, сэтгэлгээ шингэсэн орчин үеийн урлагийн бүтээлүүдээр дамжуулан, үзэгчийн ирээдүй хорвоог харах өнцгийг тэлж, орчин үед тулгарч буй асуудлуудад цаг үеийн шийдлийг төрүүлж, улмаар хүмүүний амьдралын чанарыг дээшлүүлэн, хувь нэмэрээ оруулах хязгааргүй их боломж бий. Энэ бүхэн нь орчин үеийн урлагаа зөв ойлгож, бодитой үнэлэхээс эхэлнэ.

Ж. Ариунаа, Урлаг судлаач

2021 оны 11-р сарын 18нд

Дүрслэх урлагийн долоо хоног ” Улаанбаатар хот

Photographs and posters

← All archive records